Skip to main content

Амьтны эд


    
Бүтэц, гарал үүсэл, гүйцэтгэх үүргээрээ ижил эсүүд болон эс хоорондын бодисыг эд гэнэ. Амьтан болон хүнд хучуур эд, холбогч эд, булчингийн эд, мэдрэлийн эд гэсэн 4 төрлийн эд байдаг.
    Хучуур эдүүд. Энэ эд нь арьсны өнгөн давхрааг үүсгэнэ. Мөн дотоод эрхтнүүдийн, тухайлбал хоол боловсруулах, амьсгалын, шээс ялгаруулах замын эрхтнүүдийн салст бүрхүүлийг хучна.
    Хучуур эдийг бүтэц, үүргээр нь бүрхэх хучуур эд, булчирхайлаг хучуур эд гэж ангилдаг.
    Бүрхэх хучуур эдийн нэг хэлбэр болох арьсны болон нүдний эвэрлэгийн хучуурууд нь дээрх эрхтнүүдийг гадаад орчны таагүй үйлчлэлээс хамгаална. Ходоод, гэдэсний хучуур эдүүд мөн л бүрхэх хучуурын хэлбэрүүд бөгөөд тус эрхтнүүдийн ханы хоол боровсруулах шүүсний үйлчлэлээс хамгаалан сэргийлдэг. Шимт бодисууд гэдэсний хучуур эдээр дамжин цусанд шимэгдэнэ. Харин уушгинд хучуур эдийн эсүүдээр дамжин хийн солилцоо явагдана.
    Булчирхайлаг хучаад эдийн эсүүд төрөл бүрийн шүүрэл ялгаруулдаг. Энэ эдээс булчирхай үүснэ. Булчирхайг дотоод ба гадаад шүүрлийн гэж хоёр ангилдаг. Дотроо үүссэн хөндийд гадагшлуулах булчирхайг гадаад шүүрлийн гэнэ. Ийм булчирхайн тоонд шүлс, хөлсний булчирхай орно. Харин дотоод шүүрлийн булчирхайд тусгай суваг байхгүй боловч дотроо үүсэх дааврыг шууд цусанд ялгаруулдаг. Үүнд бамбай булчирхай, нойр булчирхай, бөөрний дээд булчирхай хамрагдана.
    Хучуур эд олон янзын үүрэг гүйцэтгэх боловч бусдаад ялгарах хэд хэдэн өвөрмөц шинжийг агуулна. Тухайлбал. энэ эдийн эсүүд өөр хоорондоо нягт наалдсан, нэг эсвэл хэд хэдэн эгнээ, үеэс тогтоно. Эс хоорондын бодис багатай байна. Гэмтлийн үед хучуур эдийн эсүүд түргэн нөхөн төлжиж шинэ эсээр солигдох чадвартай.
    Холбогч эдүүд. Хүний биед эхлээд харахад янз бүрийн гэмээр хэд хэдэн төрлийн холбогч эдүүд байдаг. Үүнд мөгөөрс, яс, өөх болон цусны эдүүд хамаарагдана. Тэдгээрийн бүтэц, үүрэг нь өөр өөр боловч бүгд нэг гарал үүсэлтэй, бүгдэд нь эс хоорондын бодис хүчтэй хөгжсөн байдаг. Эс хоорондын бодис нь эдийн үүргээс хамаарч цусанд шингэн, ясанд хатуу, мөгөөрсөнд уян налархай байна.
    Холбогч эдүүд янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг. Хөвсгөр ширхэгт холбогч эд нь судас, мэдрэл, булчингийн багцуудыг хүрээлж эрхтнүүдийн хоорондох зайг дүүргэнэ. Арьсан дорх өөхөн эслэг давхраа нь бас холбогч эдээс тогтоно. Яс, мөгөөрсөн эдүүд нь түшиг тулгуурын болон механик үүрэг гүйцэтгэнэ. Цус нь тэжээх,                                                                                         зөөвөрлөх, хамгаалах үүрэгтэй.
    Булчингийн эд. Эдийн энэ төрөлд бүтэц, гарал үүслээрээ өөр өөр боловч агшиж өөрийнхөө уртыг өөрчлөх чадвартай бүлэг эдүүд хамаарагдана. Үүнд гөлгөр булчин, хөндлөн судалт булчин, зүрхний булчингийн эдүүд орно.
    Гөлгөр булчингийн эд нь дотоод эрхтнүүд, цус болон тунгалагийн судас, булчирхайнуудын цоргоны хананы бүрэлдэхүүнд орж дотоод эрхтнүүдийн булчинг үүсгэнэ. Энэ булчин 100-200 мкм урттай, нэг бөөмтэй, ээрүүл хэлбэрийн эсээс тогтоно. Гөлгөр булчингийн агшилт нь бидний сэтгэл санаанаас хамааралгүй явагдана.

    Хөндлөн судалт булчингийн эд нь араг ясны булчинг бүрдүүлнэ. Энэ булчингийн онцлог нь хүний ухамсарт захирагдан агших чадвар юм. Хөндлөн судалт булчингийн эдийг 1-45 мм, зарим булчинд бүр 12 см хүрдэг булчингийн ширхэгүүд бий болгоно. Энэ эдийг микроскопоор харахад хөндлөн эрээн судалтай мэт харагддаг тул ийнхүү нэрэлжээ. Хөндлөн судалт ширхэг нь бүтцээрээ гөлгөр булчингийн эсээс ялгаатай бөгөөд түүнээс түргэн агшиж, энэ байдлаа удаан хугацаагаар хадгалах чадвартай болно.
    Зүрхний булчин нь өвөрмөж бүтэц бүхий хөндлөн судалт булчингийн эдээс тогтоно. Энэ эдийг бие биетэйгээ наалдаж байрласан, 150 хүртэл мкм урттай эсүүд бүрдүүлнэ. Эдгээрийн ихэнх нь 1-2 бөөмтэй байдаг. Эсүүд төгсгөл хэсэгтээ салаалж бие биетэйгээ сүлжилдэн өвөрмөц торлогийг үүсгэнэ. Ийм өвөрмөц бүтцийнхээ ачаар ганц нэг багцаар биш зүрхний булчин тэр чигээрээ бүхэлдээ агшина (эхлээд тосгуурын дараа нь ховдлын булчин тус тус агшина. )
    Мэдрэлийн эд. Энэ эд нь мэдрэлийн тогтолцооны эрхтнүүдийг үүсгэх бөгөөд мэдрэлийн үндсэн эсүүд болох нейронууд, туслах үүрэгтэй нейрогли эсүүдээс тус тус тогтоно.
    Нейрон нь цочролыг хүлээн авч сэрэх, сэрлийн долгионыг үүсгэх, дамжуулах чадвартай. Тэдгээр нь бас мэдээллийг боловсруулах, хадгалах, ой санамжаас гарахад оролцоно. Нейрон нь бүр их бие, сэртэн, мэдрэлийн төгсгөлөөс тогтоно. Сэртэнгүүд нь бүтэц, хэлбэр, үйл ажиллагаагаараа ялгаатай.

    Богино, салаалсан олон сэртэнгүүд буюу дентрит нь сэрлийг хүлээн авч нейроны их бие рүү дамжуулна. Харин ганц урт сэртэнгээр буюу аксоноор сэрэл дамжин өөр нейрон эсвэл үйл ажиллагаа хариуцдаг бусад эрхтэнд ( булчин, булчирхай гэх мэт) очно. Мэдрэлийн ширхэгийн урт нь нэг метр, зарим үед түүнээс урт байх тохиолдол бий.
    Нейрогли эсүүд нь түшиг тулгуур, тэжээл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг.
    Мэдрэлийн эдэд нейронууд хоорондоо хүрэлцэх байдлаар хэлхээ үүсгэнэ. Нейроны сэртэнгүүдийн бие биетэйгээ эсвэл өөр нейроны их биетэй хүрэлцсэн хэсгийг синапс гэдэг. Сэрэл нь нейроноор дамжин мэдрэлийн долгион хэлбэрээр тархана.
Эх сурвалж "Тэмүүлэн багшийн Биологи ном 2019 оны хувилбар"

Comments